Өчигдөр орой 17 цагаас манай хүүгийн “сургуулийн баяр” болов. Ээж нь завгүй, аав нь амармаар байсан тул хариугүй л арга хэмжээг нь тасалчих дөхөв. Анхных нь “юм” болжийн доо энэ чинь гэж бодоод хүүгээ хөтлөөд гарлаа. Сургууль дээр нь очсонд хүүхдүүдийг гадаа үлдээгээд эцэх эхчүүдийг сургуулийн барилгын дотор талын талбайд цуглуулав. Тайз зассан, хөгжимчид ч ирсэн байна. Тэгж тэгж хүмүүс шуугиад явчихаар нь хартал Albania гэсэн нэр бүхий далбаа толгой дээрээ өргөж барьсан хэсэг хүүхдүүд гараад ирлээ. Бодвол Албаничууд л бололтой хэдэн улсууд алга ташин инээлдэж байна. Тэгээд цаашаа улс орнуудын хүүхдүүд тус бүрийнхээ далбааг барин цувралдсаар байна. Болгар, Хятад, Чех, Хорват…..
Сэтгэлд минь Монгол гэж гарч ирэх л байгаа даа гэсэн бодол эргэлзээ төрөөд болдгүй. Айдас гэмээр юм уу даа. Тунирхал ч гэж болох. Юм юманд мэдэгдэж дурдагдахгүй өнгөрдөг болохоор үнэндээ бардам итгэл алга. Тэгээд ч манай хүү л Монголоос сурдаг юм. Хүүхдүүд гарч ирсээр, тухайн орных нь эцэг эхчүүд алга ташин баяр хүргэсээр. Тэгтэл ч Монголын далбаа гараад ирлээ. Хүү маань ганцаараа. Сая өмсөөд гарсан шар цамцтайгаа. Далбааныхаа зураг бүхий том цаасаа байдгаараа өндөрт өргөцөн байхын. Сэтгэл хөөрч, хоолой бачуураад явчлаа. Тэр олон хүн дунд хүү бид 2 “ганцаарханаа” Монгол. Ямар ганцаараа шүгэлдэлтэй биш. Зураг л дарж амжив. Том арга хэмжээ биш ч гэлээ, “хүүхдийн” л баяр байсан ч гэлээ Монголоос… гэж зарлагдаад далбаагаа бариад гараад ирэх хүүгээ хараад сэтгэл догдолж, бахархал, омгорхол, баяр баясгалангийн дээдийг мэдрэв. Хаалгаар цуврахдаа цуварч, шахалдахдаа шахалдаж, алга ташилтаар угтуулан гарч ирж байсан хүүхдүүдийн араас ганцхан хүүхэд алга ташилт ч гүй гарч ирэх нь “соньхон” байсан хэдий ч дуудах нэртэй байх гэдэг тэнгэрлиг сайхан мэдрэмж ажгуу. Хүү маань харин ч бахархам мундаг харагдаж байлаа.
Тус сургуульд 27 улсын хүүхэд сурдаг ажээ. 27 улсын далбаа. Харин хэчнээн үндэстэн байгаа нь даанч мэдэгдэхгүй юм. Тэс өөр үндэстний хүү тэс өөр улсын далбаан дор гарч ирж байж ч мэднэ. Хүүгээ хараад инээж байгаа ч зүрхэндээ гунигтай эцэг эх энэ олны дунд зогсож байхыг үгүйсгэхгүй. Дунд нь алтан соёмбот хөх улаан далбаа хэчнээн дотно, хэчнээн бахархалтай харагддагийг яс махаараа мэдрэв. Бид азтай улсаа. Хэрэв аав нь “амраад” сургуулийнх нь баярт очоогүй бол нутгийн минь далбаа өргөгдөхгүй байх байжээ. Эсвэл ази царайтай гээд хятад хүүхдэд бариулах байсан байх. Барьж гарсан далбааг минь дараа нь хэрхэх байсан бол.
Хаа ч явсан харь гаригаас ирсэн юм шиг байдаг байсан Монгол хүнийг нэг үеэ бодвол дэлхий гадарлах болсон байна. 10 хүний ядаж 2-3 нь ч гэсэн “аан Монгол уу” гэж хариулхаар болж. Гэхдээ бид хаа ч явсан цөөдөх юм даа. Олуулаа л болох юм сан. Илрээд байгаа энэ их газрын баялгийнхаа тодорхой хувийг хүн амаа өсгөхөд зарцуулах ямар нэгэн ажил хийгдэх л байлгүй дээ.
Арга хэмжээ тараад бужигнасан олны дундаас хүүгээ олж авлаа.
-Аав! би улсын тугийг мандуулсан! гэсээр хүү маань ирж гараас хөтлөв… Тиймээ хүү минь чи улсынхаа тугийг мандууллаа. Өнөөдөр чи улсынхаа далбааг өнгө дүрс төдий ч гэсэн, нэг их олон хүнд биш ч гэлээ ямар ч байсан өндөрт өргөн харуулж чадлаа. Харин миний хүү эрдэм мэдлэгийн оройд гарч, эх орон, элгэн түмэндээ хайртай том эр болоод улсынхаа тугийг дэлхийн нийтийн олон анги салбарт, сая живаа хүмсийн сэтгэл зүрхэнд нь мандуулаарай!